Эрүүл мэнд

Хөл хориог сунгах эсэх шийдвэр маргааш гарна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин сунгах эсэх шийдвэрийг маргааш гаргана. Арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал тогтоогоод буй хатуу хөл хориог сулруулах эсэх талаар яамд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн эрсдлийн үнэлгээг хийсний дараа энэ долоо хоногийн сүүлээр эцсийн шийдвэр гарна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм. Тэгвэл ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр “Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног. 14 хоногт хавьтлыг илрүүлэх, олох шинжлэх, гинжин хэлхээгээр үргэлжлүүлэн шинжилж байна. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш дөнгөж нэг нууц үеийн хугацаа дуусаж байна. Гэтэл араас нь өвчлөлүүд бүртгэгдэж байна. 14 хоногийн нууц үеийн дараа хяналтын 14 хоногт хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, авч буй хариу арга хэмжээний эрчийг сулруулах байх ёстойг дэлхий дахин сургамж болгон хэлж байна. Иймээс нууц үеийн хугацаа, сүүлд бүртгэгдсэн тохиолдол, хяналтын 14 хоногоо тооцож, мэргэжлийнхээ дагуу саналаа өгнө. Өнөөдөр эрсдлийн үнэлгээ дахин хийнэ. Нийслэл болон аймгуудад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудыг орон нутгийнх нь байдлаар дахин үнэлгээ хийнэ. Халдварыг улсын хэмжээнд, нийт ард иргэдийнхээ дунд тараахгүйн тулд арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа, үүнийг сулруулахгүйгээр халдвараа барьж авах нь манай улсын зорилго” хэмээн мэдээлсэн. Хөл хорио эдийн засагт хүндрэл учруулж байгаа тул хэсэгчлэн сулруулах талаар судалж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлээд буй. Тэрбээр “Өдрийн орлогоор амьдардаг дугуй засварын газар ажиллуулдаг, жижиг оёдлын цех ажиллуулдаг, такси үйлчилгээ эрхэлдэг гээд олон хүний амьдрал хөдөлгөөний зохицуулалттай холбоотой хязгаарлалтад ороод байна. Өдрийн орлогыг дэмжих үүднээс ямар байдалтай, ямар зохицуулалтаар хөл хорионы дэглэмийг сулруулах вэ гэсэн тооцооллыг манайхан хийж байна. Гарцаагүй дэмжих ёстой хүнсний талонд хамруулах ажлыг хийхээр ажиллаж байна” гэсэн юм. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, яам, нийслэлийн саналыг хэлэлцэн маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний ням гарагт хөл хориог үргэлжлүүлэх үү сулруулах уу гэдэг эцсийн шийдвэр гарна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close