Гадаад мэдээ

Ковидтой тэмцэхэд Монголын ард түмнээс үлгэр дуурайл ав!

Дотоодод нь халдвар илэрч, хөл хорионд орсон монголчуудаас үлгэр дуурайл авахыг Буриадын ард түмэнд хандан уриалжээ. Энэ талаар mk.ru цахим хэвлэлд гарсан нийтлэлийг товчлон хүргэе.

Монгол Улсад 12 дугаар сарын нэгэн хүртэл хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байна. Тээврийн жолоочийн эхнэрээс COVID-19 илэрсний дараа тус улс ийм арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм. Жолооч гурван долоо хоногийн туршид тусгаарлалтад байж, энэ хугацаанд шинжилгээ өгөхөд хариу нь хэдэнтээ сөрөг гарч байжээ. Тусгаарлалтаас гарсны дараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг байж. Түүний эхнэр ч халдвар авчээ. Энэ бол тус улсын дотоодод нь халдвар гарсан анхны тохиолдол байлаа. Өмнө нь бүртгэгдсэн өвчлөлүүд бүгд зөөвөрлөгдсөн тохиолдлууд байсан юм.

Дургүйцсэнгүй, эсэргүүцсэнгүй

Дотоодын халдварын ердөө ганцхан тохиолдол бүртгэгдэнгүүд Монголын нийслэл Улаанбаатар бүхэлдээ, 1.5 сая хүнтэйгээ сахилга баттайгаар хөл хорионд оров. Хэн ч худалдаа хийхгүй, байгууллагууд алсын зайнаас ажиллаж, соёлын объектууд хаагдан, гудамжнууд эл хуль.

 

Бүхий л цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиуд хаалгаа барьж, оюутан сурагчид алсын зайн сургалтад шилжсэн бөгөөд Монголын телевизүүд болон интернетэд цахим хичээлүүдийг дамжуулж байгаа юм.

 

Монголчууд дургүйцсэнгүй, эсэргүүцсэнгүй, харин Засгийн газрынхаа бүхий л зөвлөмжийг дагаж байна. Учир нь ингэх нь зөв гэдгийг тэд ойлгож байгаа. Хөл хорио эхлэхээс өмнө Монголын шадар сайд Янгугийн Содбаатар ард түмэндээ хандан тайван байж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг мөрдөхийг хүсэн, хамтдаа энэ хүндрэлийг давна хэмээн мэдэгдэж байлаа.

 

Харин Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх “Сахилга бат бол бид болон бидний гэр бүлд хамгийн сайн вакцин болно” хэмээн мэдэгдсэн юм.

 

Улаанбаатарт хатуу хөл хорионы дэглэм 11 дүгээр сарын 12-ны 06.00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06.00 хүртэл тогтоосон. Харин дараа нь энэ дэглэмийг 12 дугаар сарын нэгний 06.00 цаг хүртэл сунгав. Эдгээр өдрүүд мэргэжлийн байгууллагууд тус улс дахь коронавирусийн халдварын тархалтыг хяналтадаа оруулах арга хэмжээг цогцоор нь авахад хангалттай гэж үзжээ.

Хүмүүс ээ, сэрцгээ!

11 дүгээр сарын 16-ны өглөөний байдлаар Монгол улсад 428 халдварын тохиолдол бүртгэгджээ. Багагүй нутаг дэвсгэртэй энэ улсад нийтдээ 428 тохиолдол! Атал Монголын хөрш Буриад улсад өдөр бүр шинээр 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 300-д дөхөж байна. Гэтэл зарим хүмүүс хязгаарлалтыг мөрдөхийг хүсэхгүй, хүн хоорондын зай баримтлахгүй, амны хаалт зүүлгүй, нууцаар зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцсоор байна. Буриадын тэргүүн 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон нь олон хүний хувьд цочирдом үйл явдал боллоо. Гэхдээ эрүүл мэндийн салбарын хүнд нөхцөл байдал болон сурагчдын байнгын алсын зайн сургалт шинэ локдауны шалтгаан болсон гэж Алексей Цыденов зүгээр ч нэг хэлээгүй юм.

 

“Гол зорилт нь бүгдийн анхаарлыг хандуулах явдал, одоо тоглож байх цаг биш !” Энэ нь “Хүмүүс ээ, сэрцгээ!” гэсэн үг. Манай хүн амын ихэнх хэсэг нь хариуцлагатай хандаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж байгаа. Гэвч үлдсэн хэсэг нь тун хариуцлагагүй. Шинээр илэрсэн тохиолдлуудын тал хувь нь 19-30 насныхан байгаа юм. Залуус өөрсдийгөө, өрөөлийг ч бодолгүй гадуур явцгааж байна гэсэн үг. Нөхцөл байдлыг ухамсарт нь төдийгүй хүмүүсийн зан төлөвт өөрчлөх ёстой” хэмээн Алексей Цыденов онцолсон.

 

Буриадад чухамхүү хоёр долоо хоногийн хугацаатайгаар хөл хорио үргэлжилнэ гэж онцолсон. Энэ хугацаанд хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг дээд зэргээр хязгаарлаж, эрүүл мэндийн салбарт ирсэн ачааллыг бууруулж чадна гэж Цыденов тооцоолжээ.

 

“Энэ хугацаанд шаардлагатай хэмжээнд нөхцөл байдлыг тогтоон барьж чадна гэж найдаж байна. Бид хоёр долоо хоногоос илүүгээр хөл хориог сунгах бодолгүй. Учир нь хөл хориог сунгавал эдийн засгийн үр дагавар улам хүнд болно” гэж мэдэгдсэн.

 

Буриадын хүн ам гэртээ сууж, тэсэж, шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг давах болов уу? Улаанбаатарын оршин суугчдаас ч үлгэр дуурайл авахад болох мэт санагдана. Сахилга бат бол хамгийн сайн вакцин.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close